Khentii. Mongolia. Duurilag Nars
Сүхбаатар Хүннү Дунхугийн булаалдсан газар 1
Архангай Гол мод. Эгийн гол. Зүүнхараа ноён уул 5
Хүннү-ийн үеийн олдворууд олдсон нь 10
Оросын экспедицийн Монгол дахь үйл ажиллагаа 11
Ордас. Шинжан Уйгар Өрөмч. Цагаан хэрэм. Хөх хот 12
Тува\Алтан хүний шарил.\ Унгар улс \Атилла хааны үр удам.\ 12
Турк улс Синавын Их Сургууль \Хүннүгийн судалгааны төв\ 12
Сүхбаатар аймаг. Хүннү Дунхугийн булаалдсан газар
“Баян-Адрага сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний Хүннүгийн үеийн 200 гаруй булшнууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун дараастай өмнө талдаа үүдэвчтэй дунджаар 20-30 м, голчтой бөгөөд зарим нь 40:40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээрийг язгууртны булш бунхан гэж үздэг.”1
“Монголын зүүн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгал. Дуурлиг нарсны дурсгал нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвийн өмнөх нарсан ойд тархсан Хүннүгийн язгууртны булшнууд юм. Энд нийт 299 булш тоолж бүртгэснээс дийлэнх нь үүдэвч бүхий язгууртны булшнууд ажээ. Дуурлиг нарсны булшнуудыг Хүннү гүрний зүүн жигүүрийн ихэс язгууртны оршуулга хэмээн таамагладаг. Үүдэвчтэй булшнууд нь хэмжээгээр харилцан адилгүй. Хамгийн том нь оршуулгын газрын зүүн хойд захад байрлах бөгөөд түүний гол байгууламжийн хэмжээ 40х40 м, үүдэвч нь 60 м орчим урттай юм. Үүдэвчтэй булшны жижиг нь 5х5 м орчим хэмжээтэй, 5 м хүртлэх урт үүдэвчтэй байна. Оршуулгын газрын ихэнхи булш 10-15 м, 20-25 м орчим хэмжээтэй ажээ. Дурсгалт газрыг анх 1974 онд Х.Пэрлээ агсан илрүүлсэн ба 1991 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд анх дэвсгэр зураг, зарим булшны тодорхойлолтыг нийтлэсэн байна. 2006-2011 оны хооронд Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хээрийн шинжилгээний анги дэвсгэр зургийг шинэчлэн үйлдэж, оршуулгын газрын баруун өмнөд хэсэгт байрлах 3 язгууртны булш, 13 жижиг болон дагуул булшийг малтан шинжилжээ. Дуурлиг нарсны булшнууд харьцангуй баялаг олдвортой юм. Хүрэл гүц, цар, дэнгийн цөгц, толь, чий будагтай аяга, хувцасны чимэг зүүлт, хаш чулуун эдлэл, төмөр хоолны халбага, шүүлтүүр, адуу малын тоног хэрэглэл, сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг олон төрлийн олдворууд илэрчээ. Олдворууд дунд Хятадын Хан улсаас гадна Дундад Ази, одоогийн Афганистаны нутагт хийсэн чулуун сувс зэрэг ховор эд зүйлс байжээ. Мөн 2-р булшийг малтах явцад эрт цагт булшийг тонох үед ашигласан бэхэлгээ модны үлдэгдэл илэрч, түүнээс авсан дээжийн он цаг НТ I зууны төгсгөлд холбогдохоор гарсан нь Хүннүгийн булшийг тонож сүйтгэсэн цаг хугацааг тодруулахад чухал хэрэглэгдэхүүн болсон байна”2
“Дурсгалт газрыг анх 1974 онд Х.Пэрлээ агсан илрүүлсэн ба 1991 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд анх дэвсгэр зураг, зарим булшны тодорхойлолтыг нийтлэсэн байна. 2006-2011 оны хооронд Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хээрийн шинжилгээний анги дэвсгэр зургийг шинэчлэн үйлдэж, оршуулгын газрын баруун өмнөд хэсэгт байрлах 3 язгууртны булш, 13 жижиг болон дагуул булшийг малтан шинжилжээ.
Дуурлиг нарсны булшнууд харьцангуй баялаг олдвортой юм. Хүрэл гүц, цар, дэнгийн цөгц, толь, чий будагтай аяга, хувцасны чимэг зүүлт, хаш чулуун эдлэл, төмөр хоолны халбага, шүүлтүүр, адуу малын тоног хэрэглэл, сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг олон төрлийн олдворууд илэрчээ. Олдворууд дунд Хятадын Хан улсаас гадна Дундад Ази, одоогийн Афганистаны нутагт хийсэн чулуун сувс зэрэг ховор эд зүйлс байжээ. Мөн 2-р булшийг малтах явцад эрт цагт булшийг тонох үед ашигласан бэхэлгээ модны үлдэгдэл илэрч, түүнээс авсан дээжийн он цаг НТ I зууны төгсгөлд холбогдохоор гарсан нь Хүннүгийн булшийг тонож сүйтгэсэн цаг хугацааг тодруулахад чухал хэрэглэгдэхүүн болсон байна. (Г.Эрэгзэн)”3
”Дунху-ийн талаар”4
“хүннүчүүд Дорнод Ху буюу Дунху нар болон Юэчжи нартай хилийн заагийг нарийвчлан тогтоогоод, хил хамгаалах отгийг суулгаж байснаар барахгүй газар нутгийн дэвсгэр зураг хүртэл үйлдсэн байсныг нь Ханийн хуандий хулгайлуулж аваачсан тухай сонирхол татам баримт ч бий. Газар нутаг бол Хүннү улсын үндэс байсан гэдгийг бид бишгүйдээ л сонссон. Энэ учир шалтгаанаар Дунхуг доройтуулсан домог Алунгоогийн эв нэгдлийн сургаалиас ч илүү сургамжтай.”5
“Хүннү нь тухайн үеийн хамгийн хүчирхэг морин цэрэг бүхий армитай байсан байна. Хүннүчүүд нь аравтын систем бүхий цэргийн нэгжтэй байсан бөгөөд нум сумыг маш чадварлаг ашигладаг байжээ. Хүннү нарын нутгийн хил нь баруун зүгт Дорнод-Туркестаны хот-улсууд, зүүн зүгт дунху аймгууд нутаглаж байсан Ляо голын эхэн газар, өмнө зүгт хятад /одоогийн Шаньси, Ордос/ нутаг бөгөөд Хятад Хүннү нарын хил нь Түмэн газрын цагаан хэрэм дагуу байж, хойд зүгт хүннү нарын нутаг Байгаль нуур хүрч байлаа. Дайн хийж нутгаа тэлж өргөтгөсөн хүннү нарын амжилтанд нэг талаар бусад нүүдэлч нарын нэлээд сул дорой байсан гадаад зохимжтой нөхцөл, Хятад орон дахь дажин хямрал ихтэй байснаар тийм завшаан нээгдэж, нөгөө талаар тэр амжилтанд хүннү нар эртний хорезмуудын жишээгээр хүнд зэр зэвсэгт морин цэрэг хэрэглэх болж бас хүннү нарын цэрэг аймгийн байгуулалт тус дөхөм болжээ. Зэр зэвсэгт гарсан шинэ зүйл нь чин бат бэгтэр хуягийг хүн морь хоёрт хэрэглэж, бас мориноос гинжээр торгосон довтлох урт жад хэрэглэсэн явдал даруй мөн. Хүннү нарын холбооны цэрэг аймгийн байгуулалт нь дээр заасан ёсоор бүх аймгаа байлдааны нэгж, арван, зуун, мянган, түмэн гэдэн хуваариар хувааж, цэргийн сургууль үргэлж хийлгэдэг байжээ. Тийм байгууламж нь цэргийн хүч зузаатгах бэлтгэлтэй болж, аймгийн бүх эрчүүдийг байнгын цэрэг болгосон гэсэн үг юм. Анхны хүй нэгдлийн харьцаанаас ангит нийгэмд шилжсэн цагийн нийгмийн хөгжлийн шатанд байсан хүннү нарт дайн, байнгын ажил нь байжээ. Энэ бол гагцхүү Хүннү нарт ч хамаатай бус, хөгжлийн тийм шатанд байсан бусад аймагт ч ийм шинж илэрдэг байсан юм. Хүннү нарын Модун Шаньюй, түүний хойчийг залгагсад хөрш орнуудтайгаа сэгхийлгүй дайтдаг байжээ. Модун НТӨ 209 онд дунху аймгуудыг гэнэт довтолж дийлээд, газар хүн хөрөнгий нь түрэмгийлэн авчээ. Нэг хэсэг дунху нар Модунд захирагдах болж , түүнд захирагдахгүй гэсэн нөгөө хэсэг дунху нар нь хойд зүгт зугатаж, Онон, Хэрлэн, Өргөнө мөрний газрыг эзлэн суужээ. Дунхугийн гол олонх нь Ляо /Луух/ голын эхэнд шилжин нүүжээ.”6
Архангай Гол мод. Эгийн гол. Зүүнхараа ноён уул
“Монголын төвийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгал.
Гол мод-2 дурсгалт газар нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвөөс зүүн хойш 60 км зайд оршино. Оршуулгын газар байрлах хэсгийг нутгийнхан Балгасан тал хэмээн нэрлэдэг байна. Энэ нь чулууг ашиглан дөрвөлжин хэлбэрээр тойруулж тавьсан гол хэсэг болон өмнө талд залгуулан байгуулсан урт үүдэвч бүхий булшны гадаад байгууламжийн хэлбэр нь мэдэхгүй хүнд байшин барилгын суурь үлдэц мэт харагддагтай холбоотой ажээ. Хүннү булшнууд Хануйн голын хөндийтэй нийлэх Гол модны аманд, Бугатын нурууны арын налууд байрлана. Оршуулгын газрын хойд талаар Элст хэмээх уулын жижиг гол урсах ба өмнө, зүүн өмнө хэсгээр өндөр уулс, баруун, баруун хойд талаар элсэрхэг тал газар хүрээлэн байна. Булшнууд баруунаас зүүн тийш цуварсан байдалтай тавигдсан бөгөөд оршуулгын газар уртааш 2.2 км, өргөөш 1.3 км талбай эзлэнэ. Энд нийт 452 булшийг илрүүлж бүртгэсэн байна.
Дурсгалыг 2001 онд Монгол-Америкийн хамтарсан “Хануйн хөндий” төслийн хээрийн шинжилгээний анги хайгуулын явцад илрүүлж, тэр жилдээ булшнуудын байрлал зүйн дэвсгэр зургийг үйлджээ. Харин 2002-2011 оны хооронд Улаанбаатарын Их сургуулийн судлаачид тус оршуулгын газрын хамгийн том хэмжээтэй болох 1-р булш болон түүний дагуул 30 булшийг малтан шинжлэх ажлыг хийсэн байна.
Гол мод-2 дурсгалын 1-р булш нь Монголд малтлага хийсэн хамгийн том хэмжээтэй булш бөгөөд урт нь үүдэвчний хамт 84 м хүрч байжээ. Түүнээс гадна энэ булшны нүх ч мөн адил маш гүн буюу 22 м хүрсэн байдаг. Булш эрт цагт тоногдож сүйтгэгдсэн байсан ч адууны тоног хэрэглэл, 10 гаруй сүйх тэрэгний үлдэгдэл, хаш эдлэл, чий будагтай сав суулга, хүрэл тогоо, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг сонирхолтой олдвор эд өлгийн зүйлс илэрчээ. Энэ булшнаас илэрсэн олдворууд дундаас амьтны дүрсийг товойлгон сийлбэрлэсэн хаш эдлэл, домгийн ганц эвэрт амьтдын дүрстэй эмээлийн хударга хөмөлдрөгний алт, мөнгөн чимэгнүүд зэрэг нь судлаачид төдийгүй олон нийтийн анхаарлыг татдаг. Түүнээс гадна язгууртны булшны нэгэн дагуул булшнаас Ромын хийцийн хөх өнгийн шилэн аяга илэрсэн нь ховор үнэт олдвор юм. (Г.Эрэгзэн)”7
ГОЛ МОД II – ХҮННҮ БУЛШ
Урьд өмнө Монгол улсад олдож байсан Хүннүгийн хаадын булшууд нь “Гол мод-2” шиг том хэмжээтэй байгаагүй юм. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүд нь 38 метрийн урттай язгууртны энэ булш Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн ба дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрладаг.
МЭ 80-100 оны үед хамаарах Хүннүгийн Шаньюгийн булш Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээсэн юм
29 дагуул булшинд нь 1.7 настай хүүхдээс 35 насны эрэгтэй хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна. Гол бунханы орчимд 21 адуугаар тахилга үйлдсэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийжээ.
Язгууртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Ер зөвхөн “Гол мод-2” ч биш, “Гол мод-1”, Ноён уул, Дуурилаг нарсны гээд олдоод байгаа бүхий л Хүннүгийн хаадын булшууд ханан хээ бүхий австай байдаг.
Булшийг судлан шинжлэх археологийн багийн ахлагч, УБ Их Сургуулийн НУФ-ын декан, доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр “Гол мод 2”-ын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалсан байна. Хоёр өөр шилийг уусган хольж урласан энэ аяга эртний Ромын хаад, язгууртны ордны тансаг хэрэглээний нэг ажээ. Шилээр урлах арга нь МЭ I зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёл юм. Тийм учраас Хүннүгийн булш тэр үед буюу МЭ 80-100 оны үеийнх болов уу гэж таамаглажээ. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олджээ. Германд 3 ширхэг, АНУ-д 2 ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү манай улсаас олдсон юм. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром, Хүннү хэмээх эртний гүрний хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болж буй.
Урьд өмнө судлагдсан Хүннүгийн булшнуудтай бүтэц, зан үйл, тахилга, хойлгийн хэлбэрийн хувьд ялгаа байхгүй ч агуулж байгаа эд олдвор, түүний урлахуй болон үнэ цэнээрээ алинтай нь ч зүйрлэхээргүй энэ том бунхан 2000-аад жилийн тэртээ тоногдсон бололтой. Шаньюгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэнийг олжээ. Энэ олдворын антропологийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Хүннүгийн антропологийн 100-аад олдвор байдаг ч хаан язгууртных тэр бүр олдож байгаагүй. Чухамхүү энэ зонхилогч овгийнхны ДНК-ийн судалгаа өнөөгийн хамгийн маргаантай асуудлуудын нэг болох хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг нэг тийш болгоход хувь нэмэр болно хэмээн үзжээ. Хамгийн сүүлд хэдхэн жилийн өмнө Ноён уулын булшин дээр ажилласан Оросын эрдэмтэн Н.В.Полосьмак АНУ-д хэвлүүлсэн судалгааны тайландаа “Хүннүчүүд бол Турк, Персээс гаралтай овог аймаг байсан” гэж дүгнэснээс энэ асуудал хэчнээн эмзэг чухал байгааг анзаарч болно.
Булш бунхнуудаас Дундад Азийн эртний эд гарах нь түгээмэл байдгаас шалгаалаад өнөөдөр Казахстан, Кыргызстан, Турк зэрэг орнууд Хүннү нарын ур гарвалыг булаалдсаар байгаа билээ. УБ Их Сургуулийн судлаачид Чемурчекийн, Мөнххайрханы, Тэвшийн зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгийн соёлын дурсгалыг шинээр олж нээсэн нь манай орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн судалгааны он цагийг урьд өмнөх үр дүнгээс даруй 1000-1500 жилээр урагшлуулахаар байгааг онцлохоос аргагүй.
“Гол мод 2”-ыг гол булшны бунханаас жижиг, том нийт 6-7 сүйх тэрэгний эд ангиуд бүрнээрээ, мөн тооны сүйхийн хэсгүүд гарсан юм. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын хийцтэйг үзвэл Шаньюйд Хань улсын хуандий бэлэг болгосон байх магадлалтай. Харин бусад сүйхүүд бүгд Хүннү хийцийнх. Чимэг урлал сайтай, тансаг хэрэглээтэй тэрэгнүүд Шаньюй нарын эрхэм хэрэглээ байсныг илтгэдэг. Чимэглэлүүдийг алт, мөнгө, хүрлээр гайхалтай нарийн урлаж, чулуун шигтгээнүүдээр чимжээ. Хийцийн хувьд ер бусын уран агаад дотор бэлгэдэлд учир утга ихээр шингээсэн нь илэрхий байдаг.
Их хааны булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул 3 дугаар булшнаас ой долоон сартай хүүхдийн оршуулга олсон юм. Булшинд хүүхдийн тоглодог байх магадлалтай 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Чингис хааны хэрэглэж байсан наран тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэйн удмынхны дэгрээ тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байдаг нь сонирхол татдаг.
Урьд өмнө олдсон Хүннүгийн үеийн булшуудыг ОХУ, АНУ, Франц, Солонгосын гээд дандаа гадаад улс орны эрдэмтэд малтаж судалж байсан бол “Гол мод 2”-ыг түүхэндээ анх удаа Монгол гадны тусламжгүйгээр бие даан дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилжээ. Тус ажлыг “Женко” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэсэн ажээ. Төсөлд 6 эрдэм шинжилгээний ажилтан археологич, антропологич, 80 гаруй археологийн болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан, 80 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогоонд 4-5 хүн тус тус ажиллажээ. Энэ ажил Монгол судлаач эрдэмтэдийн чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсныхоо хувьд бас нэгэн ач холбогдолтой”8
“Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын заагт оршино. Уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт гэсэн 3 аманд нийт 230 орчим Хүннү булш бий. Дурсгалт газрын ихэнхи булш газрын өнгөн хөрсөн дээр ил цухуйх дөрвөлжин хэлбэрийн гол байгууламж, түүний өмнө талд залгуулан байгуулсан урт гонзгой үүдэвчтэй Хүннүгийн язгууртны булшнууд юм. Түүнчлэн жирийн иргэдийн цагариган дараастай булш болон том булшны дагуул булшнууд бий.
Ноён уулын дурсгалт газрыг 1912 онд санамсаргүй байдлаар илрүүлсэн бөгөөд Оросын ШУА-иас томилсон “Монгол-Түвдийн экспедиц” 1924 онд анхны малтлагыг хийжээ. Тус экспедиц дурсгалт газарт үүдэвчтэй том булш 6 (Баллодын, 1, 6, 23, 25, Кондратьевын), тодорхойгүй тооны дугуй булш (Андреевын булш зэрэг) малтсан байна. Уг экспедицид томилогдон ирсэн С.А.Теплоухов, Г.И.Боровка нар 1925 онд үүдэвчтэй 2 булш (12, 24-р) нэмж малтжээ. Түүний дараа 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан А.Д.Симуков 2 булш (5-р, Симуковын) малтсан байна. 1954-1955 онд Ц.Доржсүрэн үүдэвчтэй 2 болон дугуй хэлбэрийн 9 булш (2-9, 11-р) малтан судалжээ. Мөн тэрээр 1955 онд үүдэвчтэй булшны дэргэд байрлах 8 байгууламж болон 1 дугуй булшийг малтсан юм. 1961 онд Ц.Доржсүрэн Унгарын археологич И.Эрделийн хамт Хужиртын аманд 2 дугуй булш малтжээ. Үүнээс хойш тус дурсгалт газарт хэд хэдэн удаа гүймэг хайгуул хийгдсэн ба 2006-2015 оны хооронд Монгол-Оросын хамтарсан шинжилгээний анги 4 язгууртны булшийг малтан шинжилсэн байна.
Ноён уулын булшнууд нь хөрсний онцлогоос хамаарч оршуулгын хэсэгт байх модон байгууламжууд харьцангуй сайн хадгалагдсан ба хүн амьтны дүрсийг өнгийн утсаар хатгасан нэхмэл эдлэл, домгийн амьтдын дүрсийг зээглэн чимэглэсэн эсгий ширмэл ширдэг, Грек-ромын домгийн бурхадын дүрст хөөмөл мөнгөн эдлэл, хятад бичигтэй чий будагтай аяга, олон төрлийн алт, мөнгө, үнэт чулуун эдлэлүүд, хүрэл сав суулга, том шавар ваар зэрэг ховор содон олдворууд илэрсэн дэлхийд алдартай дурсгал юм. (Г.Эрэгзэн)”9
“Төв аймгийн Ноён ууланд байх Хүннүгийн үеийн булш нь ХХ зууны археологийн томоохон нээлтэнд тооцогддог.
1912 онд Богд хаант Монгол улсын нийслэл Өргөө хотоос 130 км зайд орших Хараа голын эх, Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны хайгуулын “Монголор” пүүсийн техникч А.Боллад хэмээх буриад хүн олжээ. Мэдээллийн дагуу Оросын ШУА-ын хайгуулын анги ирэхээр төлөвлөсөн ч дэлхийн I дайн гарсантай холбоотойгоор судалгааны ажлаа хойшлуулжээ. Түүний дараа 1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн хайгуулын анги Ноён ууланд 200 орчим булш байгааг илрүүлж, 6-р булшнаас түүхийн маш ховор олдворуудыг малтан гаргажээ.
Ноён уулын малтлагаар хүннү нар язгууртнаа 7-12 метр гүнд урд талдаа үүдэвчтэй хоёр давхар гуалин хашлаган дотор банзан авсанд эд агуурсын хамт оршуулдаг байсныг тогтоосон юм. 1925 онд П.К.Козловын олсон олдворуудын ач холбогдлыг тодорхойлуулахаар ЗХУ-ын ШУА-аас тусгай шинжилгээний анги ирж Туул голын хөндийгөөр 92 булш малтан судалж шинэ чулуун зэвсгийн үед холбогдох материал цуглуулж, Ноён уулын булшийг Хүннүгийнх болохыг тогтоосон.
1927 онд А.Д.Симуков (С.Зоригийн өвөө, Шар Дамдинсүрэн гэгдэх монголч эрдэмтэн) Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай дүрс, торгоны өөдөс, хятад бичээс бүхий чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад МЭ 1 онд Хятадын Сычуан мужид хийгдсэн болох нь батлагджээ.
Зургадугаар булшнаас гарсан ширдэг “хүннү ширдэг” хэмээн алдаршсан бөгөөд ан араатны дүрсийг маш урнаар зээглэсэн дүрслэлтэй байдаг. Ширдэгний төв хэсэгт үүлэн хээтэй, түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, ширдэгний хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжжээ. Эмжээрийн дотор талд сарлаг, буга, дэл ба сүүлтэй бартай төстэй араатан, мөн чих толгой нь араатан мэт далавч, сүүлтэй амьтадыг ноцолдуулан дүрсэлж чимэглэсэн байдаг. Ийм уран дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй юм.
Энэхүү ширдэгт тэр үеийн ард түмнүүдийн ертөнцийг үзэх үзлийг харуулсан байдаг. Буга, чонын эрхлэн наадаж байгаа дүрс, бусад хээ угалзын дүрслэл зэрэг нь зүгээр нэг зурсан биш, маш нарийн ур гаргаж оёж хатгаж хийсэн байдгаараа одоо ч хүртэл гайхагдана. Энэхүү гайхамшигт олдвор үндэсний түүхийн музейд тэр л эртний байдлаараа хадгалагдан жуулчдын сонирхлыг татсаар байна.
Ноён уулын булшнаас олдсон баатруудын дүр бүхий нэхмэл хөргөөс харахад хүннүгийн язгууртан нь уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхраатай нүд, хурц хараатай, уруул нүүрний хэв нь баатарлаг дүр төрхтэй байсан бөгөөд дүрслэлийг зүү ороох аргаар урласан байв. Мөн мөнгөөр урласан аргаль янгир, нэг эвэрт гөрөөс, алтаар шарсан луу, эртний Грек Ромын хийцтэй эрэгтэй эмэгтэй нүцгэн хүний дүрс бүхий чимэглэл зэрэг 30 гаруй мөнгөн эдлэлүүд олджээ. Эдгээр зүйл хадгалагдаж чадсан нь бунханыг шавар болон нүүрсээр хоёр дахин бүрж байсан хэмээн судлаачид үзжээ. Ноён уулын шавар хөрс нь ус шүүрүүлдэггүй чанартай учраас шарилд хийсэн бүх эд зүйл сайн хадгалагдан үлджээ.
Ноён уулын булшны талаар 1926 онд анх Англи улсын Лондонгийн сэтгүүлд “Монголын хамгийн анхны эртний төрт улсын түүхийн олдвор олдлоо” гэсэн нийтлэл гарч байсан байна. Хүннүгийн булшнаас гардаг эд өлгийн зүйлээс харахад эртний Грекийн болон эртний европын эд зүйлүүд Хүннү рүү Торгоны замаар очдог байсныг гэрчилж байна.
Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрбээр 100 орчим булшийг малтан судалж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр Монгол нутагт олон байдгын дотор Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туулын хөндийн Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт газрууд бий.”10
“Ноён уулын булш Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун Шаньюй Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ.
Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү, Хан гүрэн хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.
Хүннү-ийн үеийн олдворууд олдсон нь
Түүхэнд нэрээ дуурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны “Монголор” нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олжээ.
Оросын экспедицийн Монгол дахь үйл ажиллагаа
Археологчид энэхүү экспедицээрээ буга, сарлаг, барс дүрс хатгасан хатгамал ширдэг,торгон эдлэл, баатруудын нэхмэл дүр хөрөг, хаш чулуун чимэглэл, давтмал алт зэрэг байсан бөгөөд мөн бүдүүн цул нарсаар зааж газрын гүнд хийсэн оршуулгын хашлага авс, ваар сав, амуу будааны зүйлс олжээ. 1925 онд П.К.Козловын олдворуудын ач холбогдолыг тодорхойлуулахаар ЗХУ-ын ШУА-аас тусгай шинжилгээний ангийг Монгол руу илгээсэн байдаг. Тухайн экспедици Туул голын сав газраар явж 92 булш бүртгэн шинжиж, шинэ чулуун зэвсгийн үедхолбогдох материал цуглуулж, Ноён ууланд булш малтаж Хүннүгийнх болохыг нь тогтоосон байдаг. 1927 А.Д.Симуков Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс,торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад МЭ-ний 1-р онд Хятадын Сычуан мужид хийгдсэн болох нь батлагджээ. Ноён ууланд явуулсан малтлагын үр дүнд хүннү нар язгууртнуудаа урд талдаа үүдэвчтэй, дөрвөлжин далантай булшинд газрын гүнд хоёр давхар гуалин хашлаган дотор банзан авсанд оршуулдаг байсныг тогтоож чадсан юм. Ноён уулын булшийг малтсан нь XX зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог. Хүннүгийн булшинд өнөөг хүртэл үе үеийн судлаачдын хийсэн малтлагаар алт, мөнгө, чулуу, төмөр, ширэм, зэс, яс, модон эдлэлээс гадна шилэн чимэг, хүрэл толь зэрэг эд зүйлс олдсоор байлаа.
Археологийн олдворууд
Манай улсын нутагт хүннү нарт холбогдох дурсгалууд болох булш оршуулга, хот суурины үлдэгдэл цөөнгүй байдаг юм. XX зууны 20-иод онд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Ноён уул хэмээх газраас асар том булшнууд олдсон нь Хүннүгийн язгууртны булшнууд байсан юм. Хүннүчүүд язгууртан ноёдоо оршуулахдаа газарт 7-12 метр ба түүнээс гүнд, дотор, гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг мод, дүнзээр бариад түүн дотроо модон авсанд нас нөгчигсдийн шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ. Хүннүгийн нарсан банзаар зааж хийсэн авс. Ноён уулан дахь уг булшийг Оросын эрдэмтэн Козловын удирдсан Монгол – Түвдийн экспедиц 1924 онд малтсан бөгөөд тэндээс олдсон ноосон нэхмэл, ширдэг, торгон хөшигний хээ хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа бөгөөд монголын хосгүй үнэт дурсгалын нэг билээ. Одоо Монголын Үндэсний Түүхийн музейд хадгалагдан буй эсгий ширдэг нь дээр дурдсан Ноён уулын 6-р булшнаас гарсан бөгөөд уг ширдэгт ан араатны дүрсийг их урнаар зээглэн урласан байдаг. Энэхүү ширдэгний төв хэсэг нь үүлэн хээтэй түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжжээ. Энэ эмжээрийн дотор талаар сарлаг, буга, дэлтэй боловч сүүл ба биеийн байдал бартай адил араатан, мөн чих толгой нь араатан мэт авч далавч, сүүлтэй амьтдыг ноцолдуулан дүрсэлж чимэглэсэн байдаг. Ийм уран сайхан дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй байгаа юм. Ноён уулын булшнаас олдсон хүннүгийн язгууртны дүрс. Язгууртны дүрсийг уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхараатай нүд, хурц хараатай, уруулны нүүрний хэв нь баатарлаг дүр төрхтэйгээр урласан бөгөөд уг дүрслэлийг зүү ороох аргаар хийжээ. Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал, ан гөрөөс, араатны дүрсийг их урнаар үйлдсэн байна. Ширдэгний төв хэсэгт үүлэн хээ гаргаж, түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжсэн байна. Нэхмэлийн дотор талд амьтны дүрс 18-ыг үйлджээ. Ширдэгт дөрвөн төрлийн амьтадыг дүрслэсэн байна. Сарлаг, буга, дэлтэй боловч сүүлба биеийн байдал нь барстай төсөөтэй нэгэн араатан, мөн чих, толгой нь араатан мэт атлаа далавчтай өөр нэгэн амьтныг дүрслэсэн байдаг.“11
Ордас. Шинжан Уйгар Өрөмч. Цагаан хэрэм. Хөх хот
Тува\Алтан хүний шарил.\ Унгар улс \Атилла хааны үр удам.\
Турк улс Синавын Их Сургууль \Хүннүгийн судалгааны төв\
Хавсралт
1 – http://khentii.khural.mn/n/cy6o
3 – https://mongoltoli.mn/history/h/347
4 – https://mongoltoli.mn/history/h/731
5 – https://mongoltoli.mn/history/h/731
6 – https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D2%AF%D0%BD%D0%BD%D2%AF_%D1%83%D0%BB%D1%81
7 – https://mongoltoli.mn/history/h/343
8 – http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?ItemID=418
9 – https://mongoltoli.mn/history/h/334
10 – http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?ItemID=437
