ХЯТАНЫ УМАРДЫН ХАРЬЯАТ НАР: ХАРАНХУЙН ОРНЫ ХИЛ хЯЗГААРТ ХҮРСЭН НЬ
By Altanbagana Baatar
DBA Candidate| Independent Historian
ImperialGG Historical Research Seriers
29 August 2026
ХЯТАНЫ ТӨР, УМАРДЫН АРЬС ҮС, АДУУНЫ АЛБЫГ ХЭРХЭН ТАТАЖ, НЭГ ЖИЛИЙН АЯНААР ЯАЖ МЭДЭЭ БҮРТГЭЛ ЦУГЛУУЛЖ БАЙСАН БЭ?
УМАРДЫН ХАРАНХУЙН ОРОН БОЛ ХЯТАНЧУУДЫН ХУВЬД ХООСОН ОРОН ЗАЙ БИШ БАЙВ
Дундад зууны Хятан улсын түүхийг зөвхөн Ляо улсын нийслэл, Хятадтай хийсэн дайн, эсвэл өмнөд хилээр нь хэмжиж ойлгох нь Хятаны эзэнт гүрний бодит цар хүрээг дутуу харуулна.
Хятаны ертөнцийн хойд захад хэл, хувцас, сууц, аж ахуй, амьдралын хэв маягаараа ялгаатай боловч Хятан төртэй улс төр, алба, худалдаа, эдийн засгийн янз бүрийн хэлбэрээр холбогдсон олон ард түмэн оршин байв.
Тэдний нутгаас адуу, ангийн арьс, булга, бусад үслэг эдлэл, загасны бүтээгдэхүүн зэрэг Хятаны эдийн засагт үнэ цэнтэй нөөц ирдэг байжээ. Ху Цзяогийн уламжилсан мэдээлэлд Хятаны баруун хойд нутгийн нэгэн бүсийн тухай “хар, цагаан, шар貂鼠皮” буюу янз бүрийн өнгийн булганы арьс элбэг бөгөөд “умардын улс орнууд бүгд түүнд түшиглэдэг” гэж тэмдэглэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Хятаны умард хязгаар бол эзэнт гүрний хойд захад орших амьд эдийн засгийн орон зай байв. Тэнд хүмүүс, мал, ангийн үс, эд баялаг, хэл соёл, овог, улс аймаг байв. Тэдгээртэй харилцах Кидан төрийн тогтолцоо байв.
ҮНЭТ АРЬС ҮСЭЭР АЛБА ӨРГӨДӨГ УМАРДЫН ХАРЬЯАТ НАР
契丹国志-ийн умардын орнуудын тухай мэдээлэлд Хятаны захиргаа, алба болон худалдааны харилцаа ижил түвшний зүйл биш болохыг харуулсан нарийн ялгаа бий.
Гэхдээ энэ бүх харилцааны дотор адуу, сувд, туулай/хэрэмний үс, булганы арьс, загасны арьс, лав зэрэг умардын бүтээгдэхүүн чухал байр эзэлж байжээ. Ляо улсын умардын улс, овгуудын тухай уламжлагдсан газарзүйн мэдээнд жил бүр том адуу, арьс үс зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг тухай тодорхой тэмдэглэл бий.
Харин Хятан төрийн улс төр-эдийн засгийн хүрээнд өөр өөр түвшнээр холбогдсон умардын ард түмнүүд гэсэн утгаар ойлгох нь зөв. Энэ бол эзэнт гүрний захиргааны бодит шинж.
ХОРИН МОРЬ, АРВАН ХҮНТЭЙ НЭГ ЖИЛИЙН АЯЛАЛ
Хятанчууд умардын энэ ертөнцтэй хэрхэн харилцаж байсныг харуулах хамгийн гайхалтай мэдээний нэг нь Ху Цзяогийн 陷北记 буюу “Умард нутагт олзлогдсон тэмдэглэл” юм.
Тэнд:
“契丹常选百里马二十匹,遣十人赍干…北行,穷其所见。”
хэмээн өгүүлдэг.
Утга нь: Хятанчууд байнга холын замд тэсвэртэй хорин морь сонгон, арван хүнийг хуурай хүнс, борцтой нь умард зүгт илгээж, өөрсдийн үзэж мэдэх хүрээний эцэс хүртэл явуулдаг байжээ. Тэд нэг жил аялж, 43 суурин хүрсэн байна.
Энд ганцхан үг онцгой чухал:
常 — “байнга”, “тогтмол”.
Энэ нь нэг удаагийн сониуч аяллын тухай өгүүлээгүй. Хятанчууд ийм аяллыг давтан зохион байгуулдаг байжээ.
Хорин сайн морь. Арван хүн. Хуурай хүнс. Умард зүг. Нэг жил. 43 суурин. Энэ дараалал өөрөө зохион байгуулалттай төрийн ажиллагаа байсныг харуулна. Арван хүн сайн дураараа үл мэдэгдэх аюултай нутаг руу нэг жил тэнүүчилж явсан гэж ойлгох нь Хятаны төрийн бодит зохион байгуулалтыг үгүйсгэсэн тайлбар болно.
ЭНЭ БОЛ АЯЛАЛ БИШ, ТӨРИЙН АЛБА, АЯН БАЙВ
Эдгээр хүмүүс зүгээр нэг газар хүрэхийн төлөө явсангүй.
Тэдний тухай тэмдэглэлд:
- суурин,
- сууц,
- хэл,
- газар нутаг,
- уул ус,
- аймаг овог,
- уур амьсгал
зэргийг өгүүлдэг. Тэдний зорчсон нутгийн хүмүүсийн ихэнх нь модны холтсоор сууц барьдаг байжээ.
Тэдний хэлэнд орчуулагч олдохгүй байв. Тиймээс тухайн нутгийн улс, газар, уул ус, овог аймгийн нэрийг тогтоох боломжгүй болсон байна. Эндээс төрийн ажиллагааны мөн чанар тодорхой харагдана. Хятан төр умардын нутгийг зөвхөн эзэмшиж байсангүй.
Тэр нутгийг таньж мэдэж байв.
Хэн амьдардаг вэ?
Ямар хэлтэй вэ?
Ямар сууринтай вэ?
Ямар уул ус байна вэ?
Ямар уур амьсгалтай вэ?
Ямар бүтээгдэхүүнтэй вэ?
Эдгээр асуултын хариу нь төрийн хувьд үнэ цэнтэй мэдээлэл байв. Тиймээс энэ аяллыг “умардын мэдээлэл-бүртгэлийн төрийн ажиллагаа” гэж ойлгох үндэс бий.
43 СУУРИН
Ху Цзяо 43城 гэж тэмдэглэсэн. Үүнийг өнөөгийн утгаар “43 том хот” гэж ойлгох шаардлагагүй. 城 нь хот, хэрэмтэй суурин, бэхлэлт зэрэг өргөн хүрээний утгатай байж болно.
Гэхдээ тоо нь өөрөө чухал. 43 суурин. Нэг жилийн аян. Тэр хүмүүс суурин бүрийн талаар бүх мэдээллийг бүрэн бүртгэсэн. Гэвч эхийн үргэлжлэлд хэл, газар нутаг, уул ус, овог аймаг, уур амьсгалын тухай мэдээ орж байгаа нь энэ аялал мэдээлэл олж авах бодит ач холбогдолтой байсныг харуулна. Төрийн хил гэдэг зөвхөн цэрэг зогсдог газар биш. Төрийн мэдлэг хүрдэг газар юм.
33 ДАХЬ СУУРИН
Аяллын явцад 33 дахь сууринд тэд Тэдянь хэл мэддэг хүнтэй таарчээ. Түүний хэлсэн зүйл тодорхой хэмжээнд ойлгогдож байв. Гэвч цааш явахад хэлний холбоо улам тасарч, тэдний мэдэх ертөнцийн зах улам ойртсон байна. Энэ бол маш чухал. Хятаны умардын хил зөвхөн газрын хил байгаагүй.
Тэр бас: хэлний хил, мэдээллийн хил, зах хязнаарын хил байв. 33 дахь суурин хүртэл тэд хүний хэлээр мэдээ авч чаджээ. Түүнээс цааш тэдний мэдлэгийн орон зай тасарч эхэлсэн байна.
УМАРДЫН ХАРЬЯАТ НАРЫН БАЯЛАГ
Хятаны умардын харилцааг зөвхөн газарзүйн аяллаар тайлбарлах боломжгүй. Умард нутгийн эдийн засгийн гол баялагт арьс үс орж байв.
Ху Цзяогийн тэмдэглэлд:
“又多黑、白、黄貂鼠皮,北方诸国皆仰足。”
хэмээн тэмдэглэсэн.
Өөрөөр хэлбэл хар, цагаан, шар өнгийн булганы арьс элбэг бөгөөд умардын улс орнууд энэ баялагтаа түшиглэдэг байжээ. Үслэг эдлэл бол хойд бүсийн эдийн засгийн стратегийн бүтээгдэхүүн. Хүйтэн уур амьсгалтай нутагт арьс үс нь хувцас. Харин төрийн хувьд тэр нь алба, бэлэг, худалдаа, улс төрийн харилцааны хэрэгсэл болж чадна. Хятаны умардын харилцаа ийм материаллаг суурьтай байжээ.
ЭНЭ УЛАМЖЛАЛ ХЯТАНААС ЭХЛЭЭГҮЙ
Хятанчууд ийм төрийн практикийг хоосон орон зайд бий болгосон гэж ойлгож болохгүй. Хятанаас өмнөх Евразийн тал нутгийн төрүүд олон зууны турш умардын ойт болон хойд бүсийн ард түмнүүдтэй харилцаж ирсэн. Сяньнугийн тухай Ши жи, Хань шу зэрэг эртний эх сурвалжуудын дүрслэлд умардын нүүдэлчдийн мал аж ахуй, адуу, ан агнуур, арьс шир, эсгий, үслэг эдлэлийн ертөнц тодорхой харагддаг. Сяньнугийн хүмүүсийн хувцас, ахуйд малын арьс, эсгий, үс хэрэглэдэг тухай ч тэмдэглэсэн байдаг.
Мөн Манжуур–Амурын бүсийн булганы эдийн засаг Хятанаас өмнө ч урт хугацааны худалдааны сүлжээнд оролцож байсныг судалгаанууд харуулдаг. Сушэнь, Илоу, Уцзи, Мохэ, Шивэй зэрэг хойд ба зүүн хойд ард түмнүүдийн нутгаас гарсан булганы арьс VII–X зуунд ч өргөн тархсан байжээ.
Тиймээс Хятан төрийн умардын бодлого нь өмнөх Евразийн төрүүдийн хуримтлуулсан газарзүй, морин хөдөлгөөн, умардын нөөцийн тухай мэдлэгийн дээр байгуулагдсан гэж үзэх нь үндэслэлтэй. Хятанчууд шинэ ертөнц нээгээгүй. Тэд өмнө нь захирнаандаа байсан умардын ертөнцийг эзэнт гүрний төрийн системд илүү зохион байгуулалттайгаар холбосон.
МОРЬТ ТӨРИЙН НУУЦ: ЗАМЫГ МОРЬ Ч МЭДДЭГ
Энд нэг зүйл орчин үеийн хүний төсөөллөөс эрс ялгаатай.
Бид өнөөдөр холын аяллыг:
GPS → газрын зураг → зам → координат гэсэн дарааллаар төсөөлдөг.
Харин морьт нүүдэлчдийн ертөнцөд зам өөр байв, ус, өвс, уул, гол, улирал, салхи, нутгийн хүмүүс, морь — бүгд замын мэдээлэл байв. Монголчуудын адууны тухай уламжлалт ойлголтод үүн дээр нэг зүйл нэмэгддэг:
АДУУ НУТАГ РУУГАА ГҮЙДЭГ.
Монголын уламжлалт ойлголтод адуу өөрийн дассан нутаг, ус, сүрэг, унаган орчинтой холбоотой байдаг бөгөөд “зөн” гэдэг ойлголт энэ холбоог илэрхийлдэг. Орчин үеийн судалгаанд ч Монгол малчдын zön ойлголтыг малын дассан nutag буюу нутаг орчинтой нь холбон авч үзсэн байдаг. Харин энэ ойлголтын хамгийн гайхалтай дүрслэл нь Харанхуйн орны тухай Төв Азийн Александрын туужийн уламжлалд хадгалагджээ.
ХАРАНХУЙН ОРОНД ХҮРЭХЭД — УНАГАТАЙ ГҮҮГЭЭР БУЦАХ ЗАМАА БАТАЛГААЖУУЛНА
МУИС-ийн сэтгүүлд нийтлэгдсэн Жон Эндрю Бойлийн Төв Азид дэлгэрсэн Александрын тууж өгүүллийн монгол орчуулгад энэ уламжлал маш тодорхой өгүүлэгддэг. Александр Харанхуйн орны заагт хүрэхэд нутгийн хүмүүс түүнд хөхүүл унагатай гүү унаж дотогш нэвтрэхийг зөвлөжээ.
Учир нь:
нялх унагаа үлдээсэн гүү ямар ч тохиолдолд замаа олж буцаж ирдэг
гэж үздэг байв.
Энэ уламжлал зөвхөн нэг хувилбарт байдаггүй. Бойль Рашид ал-Диний бичсэн Огузын домгийн хувилбарыг дурдсан бөгөөд тэнд Огуз болон дагалдагсад нь Харанхуйн оронд нэвтрэхдээ унагануудыг хил дээр үлдээн, гүүгээр цааш явсан тухай өгүүлдэг. Мөн Марко Пологийн уламжлалд ч Харанхуйн орон, унагатай гүү, буцах замын тухай ижил төрлийн өгүүлэмж гардаг. Энэ бол бидний хувьд маш чухал соёлын баримт.
Морьтны ертөнцөд:
хүн замаа мэднэ.
Гэхдээ:
морь ч замаа мэднэ.
ХАРАНХУЙН ОРОН ГЭДЭГ НЬ ЮУ ВЭ?
Бойлийн судалгаанд Land of Darkness буюу Харанхуйн Орон хэмээх газар нь дундад зууны үед, магадгүй түүнээс өмнөх уламжлалд, өнөөгийн Оросын хойд хэсэг буюу Хойд туйлын орчимд орших гэж төсөөлөгдсөн бүстэй холбогдож болохыг тайлбарласан байдаг.
Марко Пологийн уламжлалд энэ орны тухай: наргүй, саргүй, одгүй, харанхуй бүрхсэн гэж дүрслэгддэг. Энэ нь Хятанчууд Хойд туйлд хүрсэн гэсэн шууд нотолгоо биш.
Харин Төв Азийн морьт ард түмнүүдийн умардын хамгийн алс орон зайг төсөөлөх, түүнд хүрэх тухай олон эх сурвалжид давтагдсан уламжлал юм. Бойль ч Рашид ал-Дин, Марко Поло болон Александрын туужийн хоорондын холбоог хэлэлцэхдээ энэ домгийн уламжлалын гарал, дамжлагын талаар Пеллиогийн шүүмжлэлийг дурдсан байдаг. Иймээс үүнийг газарзүйн шууд хэмжилт бус, харин түүхэн газарзүйн уламжлал гэж үзэх нь зөв.
ЯАГААД ГҮҮГ УНАЛГАНДАА СОНГОСОН БЭ?
Хэрэв унаганаас нь салгасан гүү өөрийн төл рүүгээ эргэн тэмүүлдэг бол:
унага → гүү → буцах чиг гэсэн байгалийн холбоог хүн ашиглаж болно.
Энэ бол GPS биш. Энд харин эх амьтан өөрөө буцах чигийг мэдэж байна гэсэн ойлголт байна. Тиймээс хэдэн мянган жилийн турш адууны соёл бүтээсэн ард түмэн адууны ийм зөн үйлийг ажиглаж, практикт ашигласан гэж үзэх нь тэдний ертөнцийг ойлгоход чухал. Энэ бол морьт соёлын мэдлэгийн тухай өгүүлбэр.
ХЯТАНЫ 20 МОРЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Энэ өнцгөөс буцаад Ху Цзяогийн 20 морь, 10 хүний тухай мэдээг харахад өөр утга гарч ирнэ.
Хятанчууд: ямар морь холын замд тохирохыг мэднэ, ямар хүн ийм аянд явж чадахыг мэднэ, холын замд хүнсээ хэрхэн бэлтгэхийг мэднэ, умардын аль нутгаар дамжихыг мэднэ, харьяат болон захын ард түмэнтэй хэрхэн харилцахыг мэднэ, арьс үс, адуу болон бусад бүтээгдэхүүний ач холбогдлыг мэднэ, буцаж ирэх замыг мэднэ. Эдгээр нь нэг хүний туршлага биш.
Төрийн мэдлэг.
ХЯТАНЧУУДЫН МЭДЭХ УМАРД — ТӨРИЙН МЭДЭХ УМАРД
Тиймээс энэ өгүүллийн гол санаа нь:
Хятанчууд умардын үл мэдэгдэх ертөнц рүү сохроор орсонгүй.
Тэдэнд өмнөх үеийн морьт төрүүдийн хуримтлуулсан мэдлэг байв. Тэдэнд умардын харьяат нар байв. Тэдэнд алба-худалдааны харилцаа байв. Тэдэнд арьс үсний эдийн засаг байв. Тэдэнд адуу байв. Тэдэнд зам байв. Тэдэнд хэлмэрч байв. Тэдэнд мэдээлэл байв. Тэгээд тэр бүхнийг төр зохион байгуулж байв.
НЭГ ЖИЛИЙН АЯН
Хорин морь, арван хүн гэдэг тоо жижигхэн мэт санагдаж болно.
Гэвч энэ арван хүн: нэг жил явсан, 43 сууринд хүрсэн, 33 дахь сууринд хэлний холбоо тогтоосон, нутгийн сууц, хэл, газар ус, овог аймаг, уур амьсгалыг тэмдэглэсэн, цааш хүний хэл хүрэхгүй болсон үед буцсан.
Тэгээд Ху Цзяогийн уламжилсан өгүүлэмж:
“此北荒之极也”
— “Энэ бол умардын зэлүүд нутгийн хамгийн зах байв.” гэж төгсдөг. Энд “хил” гэдэг үг газрын зураг дээр зурсан шулуун биш.
Мэдлэгийн төгсгөл юм.
ХЯТАНЫ УМАРДЫН ХАРЬЯАТ НАР БА ХЯЗГААРЫН ЦААДАХ ЕРТӨНЦ
Хятаны төрийн хувьд умардын харьяат нар бол эзэнт гүрний захад үлдсэн нэргүй хүмүүс биш.
Тэд:
алба төлөгчид, худалдааны түншүүд, арьс үсний нийлүүлэгчид, адуу малын эх үүсвэр, замын мэдээлэгчид, хэлний зуучлагчид, төрийн мэдлэгийн нэг хэсэг байжээ. Тиймээс Хятан төр умардыг зөвхөн цэрэг илгээж захирсангүй. Тэр умардыг мэдэж, холбогдож, бүртгэж, алба авч, худалдаалж, хүмүүсээ илгээж байв. Энэ бол эзэнт гүрний бодит шинж.
МОРЬТНЫ ЕРТӨНЦИЙН ХИЛ ХААНА БАЙДАГ ВЭ?
Өнөөдрийн хүн дэлхийг хиймэл дагуулын зураг, GPS, хил зааг, координатаар хардаг. Харин Хятан болон тэдний өмнөх морьт төрүүдийн ертөнцөд хил өөр байв.
Морь хүрч чадвал зам байна. Ус олдвол зам байна. Хүнтэй хэл нэвтрэлцвэл харилцаа байна. Алба хүрвэл төрийн холбоо байна. Мэдээ авчирч чадвал тэр нутаг төрийн мэдлэгийн дотор байна.
Харин 33 дахь суурингийн цаана хэлний холбоо тасарч, 43 суурингийн цаана хүний аялал дуусч, түүнээс цааш Харанхуйн Орон хэмээх Төв Азийн олон үеийн уламжлалын ертөнц эхэлнэ. Гэхдээ тэр харанхуй руу орохдоо хүртэл морьт хүн замаа мартахгүй.
Унагаа хил дээр үлдээсэн гүү буцах замаа мэднэ. Энэ бол морьт нүүдэлчдийн ертөнцөд хүний ой санамжаас ч өөр нэг төрлийн амьд замын мэдлэг байсны тухай өгүүлдэг. Тиймээс Хятаны 20 морь, 10 хүний нэг жилийн аянг зөвхөн “43 суурингаар явсан аялал” гэж харах нь хангалтгүй.
Энэ бол:
умардын харьяат нар, арьс үсний алба, төрийн мэдээлэл, олон үеийн морьтны замын мэдлэг, мөн хүний мэдлэг дуусах умардын хязгаар нэгэн дор огтлолцож буй түүх юм.
Хятанчууд умардыг зүгээр хараагүй. Тэд умардыг төрийнхөө хүрээнд мэдэж байв.
FOOTNOTES
[1] Ху Цзяо, 陷北记 (Xian Bei Ji, “Record of Being Captured in the North”). Ху Цзяо Хятанд долоон жил байсны дараа 953 онд буцаж ирж, өөрийн үзсэн зүйлсээ тэмдэглэсэн хэмээн 契丹国志-ийн уламжлалд өгүүлдэг. Түүний тэмдэглэл Оуян Сюгийн 新五代史 болон Е Лунлигийн 契丹国志 зэрэг хожуу эмхтгэлээр уламжлагджээ.
[2] 20 морь, 10 хүн, нэг жилийн аян. 契丹国志, 卷二十五, 胡峤陷北记: “契丹常选百里马二十匹,遣十人赍干…北行,穷其所见…行一年,经四十三城…” буюу Хятанчууд байнга 20 сайн/холын замын морь сонгон 10 хүнийг хуурай хүнстэй нь умард зүгт илгээж, нэг жил явж 43 суурин хүрдэг тухай мэдээ.
[3] Умардын мэдээлэл. Тус эхэд суурингуудын сууц, хэл, газар нутаг, уул ус, овог аймгийн нэр, уур амьсгалын талаар мэдээлэл өгч, 33 дахь сууринд Тэдянь хэл мэддэг хүнтэй таарсан тухай өгүүлдэг.
[4] “Умардын харьяат нар” ба алба-худалдаа. Ляо/Хятаны умардын улс, овгуудын тухай уламжлагдсан газарзүйн мэдээнд зарим бүлэг Хятаны захиргаанд байсан, зарим нь жил бүр адуу, арьс үс зэрэг бүтээгдэхүүнээр алба өргөдөг, зарим нь Хятантай худалдаалдаг гэж ялган тэмдэглэсэн байдаг.
[5] Арьс үсний эдийн засаг. 契丹国志-ийн Ху Цзяогийн тэмдэглэлд хар, цагаан, шар 貂鼠皮 элбэг бөгөөд “北方诸国皆仰足” буюу умардын улс орнууд түүнд түшиглэдэг гэж тэмдэглэсэн.
[6] Өмнөх Евразийн морьт уламжлал. Ши жи болон Хань шу-д Сяньнугийн мал аж ахуй, адуу, ан агнуур, арьс, эсгий, үслэг эдлэлийн ахуйн тухай эртний мэдээлэл бий. Энэ нь Хятаны умардын эдийн засаг, морьтны орон зайн мэдлэг огт хоосон орчноос бий болоогүйг харуулах өргөн түүхэн контекст юм.
[7] Булганы урт хугацааны сүлжээ. Судалгаагаар Илоу болон Манжуур–Амурын бүсийн бусад ард түмнүүдийн нутгаас гарсан булганы арьс Хятанаас өмнөх үеэс эхлэн VII–X зууны худалдааны сүлжээнд чухал байр суурь эзэлж байсныг харуулдаг.
[8] “Харанхуйн Орон” ба унагатай гүү. J. A. Boyle-ийн Төв Азид дэлгэрсэн Александрын тууж өгүүллийн монгол орчуулгад Харанхуйн Орон (Land of Darkness)-ы заагт унагатай гүү унаж нэвтрэх, унагаа үлдээсэн гүү буцах замаа олдог тухай уламжлалыг авч үзсэн. Уг өгүүлэл энэ уламжлалыг Pseudo-Callisthenes, Рашид ал-Диний Огузын домог болон Марко Пологийн тэмдэглэлтэй холбон хэлэлцдэг.
[9] Огузын хувилбар. Karl Jahn-ийн Рашид ал-Диний Die Geschichte der Oguzen des Rašid ad-Dīn-ийн 1969 оны хэвлэлд тулгуурлан Boyle Огузын хүмүүс Харанхуйн Оронд орохдоо унагаа хил дээр үлдээн, гүүгээр цааш явсан тухай өгүүлдэг.
[10] Марко Поло. L. F. Benedetto-ийн The Travels of Marco Polo (1931), p. 387-д тулгуурлан Boyle “Харанхуй” газрын тухай болон унагатай гүү ашиглан буцах замаа хадгалсан тухай уламжлалыг дурдсан.
[11] Харанхуйн Орон ≠ Хойд туйл гэсэн баталгаа биш. Boyle уг нэрийг дундад зууны үед, магадгүй түүнээс өмнөх үед одоогийн Оросын хойд хэсэг буюу Хойд туйлын орчимтой холбогдох газарзүйн төсөөлөл байж болохыг тайлбарласан боловч уг өгүүлэмжийн гарал, дамжлагын талаар Paul Pelliot-ийн шүүмжлэлийг мөн авч үздэг. Тиймээс үүнийг шууд Хойд туйлын аяллын баталгаа бус, Төв Азийн умардын газарзүйн уламжлал гэж ашиглах нь зөв.
[12] Ху Цзяогийн эх сурвалжийн шүүмж. 钦定重订契丹国志-ийн 25-р ботийн редакторын тэмдэглэлд Ху Цзяогийн 陷北记 нь 五代史-д мөн орсон бөгөөд зарим өгүүлэмж нь “荒诞失实” буюу хэт домогчилсон, баталгаагүй байж болох тул шууд баримт болгон хэрэглэхэд болгоомжлох ёстой гэж тэмдэглэсэн. Иймээс дээрх өгүүлэлд Ху Цзяогийн 20 морь–10 хүний аяллын бодит мэдээлэл болон луу, могой, ад зэтгэр зэрэг домгийн хэллэгийг тусад нь авч үзсэн.
[13] 43 суурин ба алба татвар. 43 сууринд очоод тус бүрээс алба татвар хураасан гэж Ху Цзяогийн энэ өгүүлбэр шууд хэлдэггүй. Харин Хятаны умардын улс, бүлгүүдийн зарим нь адуу, арьс үс зэрэг бүтээгдэхүүнээр алба өргөдөг тухай тусдаа эх сурвалжийн мэдээтэй хамтатган үзэхэд уг аяллыг төрийн алба-харилцаа, захын нутгийн мэдээлэл, эдийн засгийн мэдлэгтэй холбоотой ажиллагаа гэж тайлбарлах үндэс бий.
НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
Хятанчуудын умард бол эзэнт гүрний газрын зургийн цаадах хоосон орон зай биш — умардын харьяат нар, арьс үсний алба, адуу, худалдаа, төрийн мэдээлэл, морьтны замын мэдлэгээр холбогдсон амьд хил байв; хорин сайн морь, арван хүн түүгээр бүтэн жил явж, 43 сууринд хүрээд, хүний хэл хүрэхээ больсон умардын хамгийн захад буцсан юм.
